Булган аймгийн залуучуудын холбооноос залуучуудын байгууллагын
үйл ажиллагааг сурталчилах, залуучуудын идэвхи
оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
залуучуудын өдөрлөгийг 2012 оны 09 сарын 12-15-ны өдрүүдэд “Булганы залуус
2012” –нэрийн дор амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Булган аймгийн 16 сумын 200 гаруй
залуучуудын төлөөлөл оролцсоноос гадна Булган аймгийн ИТХ-ын дарга
Б.Бат-Эрдэнэ, засаг дарга М.Оюунбат,
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бие төлөөлөгч Д.Дамба, Булган аймгийн
ардчилсан намын дарга н.Эрдэнэбат, “Булган энержи” группын ерөнхийлөгч Б.Батсайхан
нарын хүндэт төлөөлөгч уригдан оролцож, залуучуудын байгууллагын ажил үйлсэд
амжилт хүсэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дөрвөн хоногийн турш үргэлжилсэн залуусын өдрүүд нөхөрсөг,
оюунлаг, спортлог болж өнгөрсөнд залуучуудын төлөөлөл сэтгэгдэл өндөр байлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаа бидний амьдралд хэдий нь тогтсон буруу хэв зуршил,
түүнээс хэрхэн салах, залуучууд шинэ
зууны шилдэг манлайлагч болох “Залуу хатагтай ноёдын Лади төв”-ийн сургагч багш
Г.Эрдэнэгэрэлийн илтгэлээр эхэлж, Булган
аймгийн БСГ-ын мэргэжилтэн н.Түвшинмөнх “Social
Media”-г
хэрхэн ашиглах сэдвээр үргэлжлэн, залууст хэрэгтэй цаашид өдөр тутамдаа
ашиглах олон эх сурвалж бүхий мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
Спортын Гольф, олс таталт, буухиа тэмцээн тухайн өдрүүдэд
зохион байгуулагдаж төрөл бүрээр аваргууд тодрон шагналаа гардлаа. Энэ удаагийн
өдөрлөгийн онцлог нь сумдын залуучуудаа дэмжиж, тэдний нийгмийн оролцоог
нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон, тэмцээн уралдаандаа
амжилт гаргасан сумдын залуучуудыг нэгдсэн дүнгээр байр эзлүүлж шагнаж
урамшуулсан явдал байлаа. Тэмцээний нэгдсэн дүн гарахад Бүрэгхангай сумын
залуучууд тэргүүн байр өргөмжлөл 300 000 төгрөг, Хангал сумын залуучууд дэд
байр өргөмжлөл 200 000 төгрөг, Могод сумын залуучууд гутгаар байр өргөмжлөл 100
000 төгрөгөөр шагнууллаа.
Залуусын өдөрлөг Олимпын хос медальт Найдангийн
Түвшинбаярын “Аварга” хүндэтгэлийн баярт үргэлжлэн, дэмбээний тэмцээнийг зохион
байгуулсан ба айрагтай, адуутай нутгийн дэмбээчид ая дууны торгон мэдрэмжийг,
алиа хошин үгс, алга сарвуутай
нөхөрлүүлж, монгол үндэстний
ардын сайхан соёл хангай нутаг, нуурын хөвөөнд нэгэн өдөр эгшиглэлээ. Үйл
ажиллагааны төгсгөлд залуучууд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд
манлайлж оролцохоо илэрхийлэн
наадамчин олноо уриалан баярын үйл
ажиллагаа болсон Өрмийн нуурын ойр орчмыг цэвэрлэн хогийг нэг цэгт төвлөрүүлэн,
бүтээлч ажлаар өдөрлөгийн үйл ажиллагааг өндөрлөлөө.
БУЛГАН
АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО