Сар шинийн мэндчилгээ



Анхдагч алдартны нутгийн зон олон минь амжилт бүтээлийн өрнүүн их ерөөлтэй усан луу жил ээ үдэж,  үйлс бүтэн дэлгэрэх,  өнөтэй сайхан Могой жилээ угтаж байна. Усан луу жилд  дээдэс буурлууд минь дүүрэн жаргалтай, дээлтэй бяцхан үрс эрүүл өсөн торнисон,  залууучууд нэрээ дэлхий дахинд цуурайтуулан олимпийн медалийг ихэрлүүлсэн, дэлгэр сайхан жил болж өнгөрлөө.
Залуучууд бид “Цагийн зүү урагшлахад урт зүү түрүүлдэг. Цаг хугацаатай уралдан залуус ихийг бүтээнэ” гэсэн сайхан үгийг санаж, ололт амжилтаар дүүрэн нэгэн жилийг өндөрлүүлж байна.
Хангай нутгийн мянга мянган залуучуудын түүчээ болон,  орон нутгийн бодлого шийдвэрт залуусын дуу хоолойг хүргэж, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өсвөр үе, залуучуудад спортын өв тэгш боловсрол олгох, өв уламжлалаа хадгалах зэрэг олон асуудалд санаачлага гарган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаа.    
Аймгийн залуучуудын холбооны ажил усан хэмээх луу жилд Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр удмын заяаг түшиж, буянт малаа өсгөн үржүүлж, бусад малчин залуусаа ажил үйлсээрээ манлайлан ажилласан Булган аймгийн Орхон сумын 3-р багийн залуу малчин Х.Жумдаандайгийн хотонд “Аймгийн шилдэг залуу малчин”-ы цол үнэмлэхийг гардуулж өгснөөр эхэлж байсан бол өдгөө “Хариу нэхээгүй тус 2013” малчиддаа туслая сайн үйлсийн аянаар өндөрлөж байна.   Булган аймгийн хувьд мал аж ахуй эдийн засгийн тэргүүлэх чиглэл байдаг. Энэ ч утгаараа малчин залуучуудад чиглэсэн “Хөдөөгийн залуус” төсөл “Залуу малчдын анхдугаар чуулга уулзалт”, зэрэг олон асуудлыг залуучууд санаачлан хэрэгжүүлж байна.
Орон нутагт зарим салбарт боловсон хүчний нөөц дутагдалтай байна. Их дээд сургууль төгссөн мэргэжилтэй залуучууд орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрахад хамгийн түрүүнд тав тухтай байр шаардлагатай байгааг суурь судалгаа харуулж байна. Иймээс залуучуудын байгууллага “Тавлаг орчин-Таны амьдрал” залуу гэр бүлийг орон сууцжуулах төслийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай хамтран хэрэгжүүлсэн нь чухам л нүдээ олсон ажил боллоо. Орон нутагт залуучууд бие биедээ туслах хамтлагийг байгуулан, хөдөлмөрөө хоршихын үнэ цэнийг мэдэрч, хамтын хүчээр бүтээл ямар хугацаанд, хэр чанартай бүтээж болохыг харцгаалаа.
Залуучуудын уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээн уралдаан, аливаа үйл ажиллагааг Булган аймгийн иргэд хүсэн хүлээдэг болоод байна. Спортын өв тэгш хүмүүжил олгох Өвөл, зуны загасчлалын тэмцээн, Бүсийн аварга шалгаруулах волеиболын тэмцээнүүд, Хаврын баяр цэнгээнт бүжгийн тэмцээн, Л.Ууганбаяр агсны нэрэмжит Буудлагын тэмцээн, Начин цол олгох залуу бөхчүүдийн барилдаан зэрэг уламжлал болсон олон ажлууд энэ жил амжилттай зохион байгуулагдсан. Мөн өв уламжлалаа хайрлан хамгаалах “Дээлтэй монгол” уриалгыг Монгол түмний их баяр цэнгэл наадмаар өрнүүлэн ахмад буурлуудынхаа хүндлэлийг хүлээлсэн үйл ажиллагаа боллоо.
Нийт залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор бүх сумдын залуучуудын төлөөллийг хамруулсан “Булганы залуус-2012” өдөрлөгийг зохион байгуулж Орон нутагт ажиллаж буй залуучуудынхаа саналыг сонсож, дараа жилийн үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
         Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир лугаа эрүүл чийрэг торниж юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээл бүсэн гоёлоо өмсөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Эрүүл энх саруул сайхан
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО