“Улаан туг залуучууд хоёр ихэр юм
Уралдаан ялалт хоёр нөхөр юм”
Өнөөгийн дунд насныхан болоод өтгөс буурлуудын
залуу халуун насанд эрч хүч урам зориг оруулж, ургашлах тэмүүлэл төрүүлж байсан
энэ дуу одоо ч чихэнд сонсогдоод байх шиг санагдана.
Хүн бүхэн залуу насыг тойрч
гараагүйн адил улс гүрэндээ “бошго”-ийг халж улаан туган дээрээ төрийн 6 одон залсан залуучуудын эвлэлийг
тойрч өнгөрсөн хүн байхгүй гэж бодож байна.
“Бяцхан ном болгон хэвлэсэн дүрмийг нь дунд сургуульд байхдаа уншиж цээжлэх шахан
байж МХЗЭ-д хэдэн нөхдийнхөө хамт элсч байлаа. Удалгүй нөхөд маань ангийн эвлэлийн
үүрийн даргаар сонгодог байгаа. Сургуулийн эвлэлийн хорооны дарга Ж.Дашломбо багш
ангиудын эвлэлийн үүрийн дарга нарыг цуглуулж байгаад л үүрэг даалгавар өгнө. Авсан
үүргээ биелүүлэхийн тулд товчоогоо хуралдуулна. Дээд сургууль төгсөөд говийг зорьсон
ч идээшиж нутагшилгүй эргэж иргэхэд угтаж авсан хамт олон бол аймгийн ХЗЭ-ийн хорооныхон
билээ. Одоогийн эрчим хүч, нийгмийн даатгал хоёр дунд байгаа шар байшинд аймгийн
ХЗЭ-ийн хороо буюу залуучуудын “төв штаб”-ынхан ажилладаг байв. Би “зааварлагч”
гэсэн өөрөөсөө ахадсан албатай. Сургууль пионерийн ажил хариуцна. Олон жилийн хур
туршлагатай, ажлын арвин дадлагатай сургууль пионерийн удирдлагыг “зааварладаг”
энэ албыг Нацагдож багш надад хүлээлгэж өгөөд олон зүйл захиж байсан нь одоо ч санаанд
байна. Дээрээс ирсэн чиглэл, дэргэдээ байгаа дарга нараас үүрэг авч өөрөө баяжуулж
арвижуулахыг хичээж байгаад ажлаа амжуулж өдөр өдрөөр дөр суусан л даа.
Өөдөсхөн биетэй хэрнээ өндөр хэргэмтэй
Ц.Дамдинжав хэмээх хүн нэгдгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол хоёрдугаар
нарийн бичгийн даргаар ил цайлган сэтгэлтэй, хөгжилтэй яриа хөөрөөтэй, инээхээрээ
нүд нь жонийчихдог, холын аймгаас Долгорсүрэн эмчтэй ханьсан ирж “Булганы хүргэн”
болсон Ц.Гончиг гуай ажиллаж байв. Улаа бутарсан хацартай, эрс шийтэмгий, хэрдээ
“ширүүндүү” төрхтэй Гомбын Нанзад гуай эвлэлийн байгууллагын хэлтсийн даргаар ажиллаж
энэ хамт олны ажлын гол ачааг үүрч үзэл суртлын хэлтсийн даргаар Б.Долгор, зааварлагчаар
нь “гоё” бичигтэй Л.Дамба хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар Д.Лхагваа, нягтлан бодогчоор
санхүүгийн албаны их дадлагатай, бүртгэл тооцоог бутархай мөнгий ч зөрөөгүй “ягшуулдаг”
Б.Галя ажиллаж хятад сампинг дээгүүр харж инээж байгаад л шажигнуулж аппаратын болоод
аймгийн хэмжээний залуучуудын байгууллагын “жасын хөрөнгийг барьж байв.
Хөдөө их явна. Сумын эвлэлийн дарга нарын
ажлыг шалган зааварлаж залуучуудад үүрэг чиглэл өгнө. Тэрүүхэндээ “том” л байгаа
юу даа. Олон залуучууд, үеийнхэнтэйгээ танил болсон. Хамгийн гол нь аймгийн ХЗЭ-ийн
төв байгууллагыг төлөөлөн явж байна шүү хэмээн санахаар цээж огшоод ирэх шиг санагддаг
ч энэ чинь хариуцлагатай ажил шүү дээ гэж санахаар өөрийгөө “голж”, шаардлагатай
зүйлийг сурч мэдэж авах гэж тэмүүлж явлаа.
Аймгийн ХЗЭ-ийн хороонд байхад маань нэг тэмдэглэлт үйл явдал тохиосон.
Тодруулж хэлбэл, МХЗЭ-ийн байгууллагын 50 жилийн ой болсон юм. Ой угтаж чухам л
“хоол идэх” завгүй л ажиллацгааж байлаа. Ажлын зав чөлөөндөө байгууллагын өмнө зулзаган
мод суулгасан маань одоо 40 настай болчихсоныг хааяа дэргэдүүр нь өнгөрөх бүртээ
хараад тэр үеэ эргэн дурсдаг юм. Ойн баяраар нягтлан маань тэр үед их л ховор олддоггүй
байсан одьял буюу орны ноолууран бүтээлэг
өгсөн нь одоо мөн л 40 жилийг элээж захын зарим хэсгээрээ сэмэрсэн ч өнгөө алдаагүй,
илчээ гээгүй орыг маань “чимсээр” л байна.
Авьяастайдаа
биш багын сонирхолдоо хөтлөгдөн эвлэлийн хорооныхныгоо “орхиод” хаалгыг нь
татмагц хэвлэлийн будагны үнэ ханхалсан аймгийн сонины гззрын халуун ам бүлд орсон.
Тэглээ ч эвлэлийн ажлаас “хөндийрөөгүй” гэж болно. Төв аппарадад ажиллаж байсан
хүн гэж “цаасан малгай” өмсгөж байгаад хэвлэх үйлдвэрийн ХЗЭ-ийн үүрийн дарга болгочихлоо.
Онгирч биш, олны итгэл хэмээн хүндэтгэн олигтойхон хийх гэж мэрийж эхэлсэн. Хурлаа
тогтмол хийнэ. Гишүүддээ даалгавар өгнө. Залуучуудын заавал сурах “Хүмүүн
төрөлхтөн”, “Задгай цагаан”-ы аянд хийдэг 10 бүжгийн жагсаалтыг эвлэлийн төв хорооны
Пүрэвжав дарга гаргаж ирүүлснийг аймгаас анхан шатны байгууллагууддаа чиглэл өгч
хэвшүүл гэдэг сэн. Өөрөө бүжиглэхгүй ч гэсэн үйлдвэрийнхээ залуучуудыг үе тэнгийнхнээс
нь хоцроохгүйн тулд заримдаа хүн урьж явдал хөдөлгөөн, намба донжийг нь заалгасан
чинь тэд иаань их л олзуурхаж байсан санагдана. Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдээр
бэлэг бэлтгүүлээд охидоороо хэний бэлдсэн бэлгийг авахыг нь сугалуулна. Эмэгтэйчүүд маань тэдгээр бэлгүүдээ задлаад сонголт
хийж хэн нь утга агуулга сайтай, сэтгэлд таалагдсан бэлэг бэлтгэснийг шалгаруулж
хөгжилдөнө. Үйлдвэрийн бүсгүйчүүд маань анхныхаа, зарим нь 2 дахь хүүхдээ төрүүлдэг
байлаа. Хүүхэдтэй болно гэдэг залуусын, өрх гэрийн аз жаргал, баяр баясгалан байдаг
учраас тэр өдөрт нь улсын хэмжээнд гарсан бүх сонины дугааруудыг яаж ийж байгаад
олж нэгтгээд аймаг орон нутаг, улсын хэмжээнд болон дэлхий ертөнцөд ямар үйл явдал
өрнөж хаана сайн сайхан, онцлог явдал болсон өдрөөр мэндэлж өрх гэртээ бүл нэмснийг
эдгээр сонинноос танилцан бахархаж яваарай гэсэн дурсамжийн бичигтэйгээр ээж аавд нь гардуулна.
Шинээр төрсөн хүүхдэд зориулан мод суулгана. Өвөл цагийн соёл хүмүүжлийн ажил гэж
залуучуудад мэдлэг мэдээлэл өгөхөд чиглэсэн ач холбогдолтой эвлэлийн улс төрийн
сургуульд гишүүдээ хуваарилан оролцуулахын зэрэгцээ өөрөө багш гэх үү дээ, суртал
нэвтрүүлэгчээр ажилладаг байсан. Залуучууд нэлээд нь дуртай ч түвэгшээдэг хүмүүс
нэлээн байх шиг байсан. Гэхдээ ил биш л дээ, далдуур л дам яриа сонсогддог сон.
Тэгэж түвэгшээлгэхгүйн тулд сургалтын идэвхтэй сонирхолтой, өөрөөр хэлбэл тэдний
хэрэгцээнд бага боловч нийцүүлсэн аргаар хичээлээ заахыг эрхэмлэдэг байлаа. Түүнийг
маань үнэлж баярын бичиг, үнэмлэхнээс эхлээд “Тэргүүний суртал нэвтрүүлэгч” гэсэн
тэмдгээр хүртэл шагнуулж явлаа. Тэргүүний эвлэлийн үүр, хороодын дарга нарын аймаг
болон бүсийн зөвлөгөөн, уулзалтад оролцож байсныг тэр үеийнхэн маань хааяа тааралдахаараа
хуучилдаг юм.
Ажлын маань зав зайгаар эвлэл намайг
их зүйлд сургаж дадлагажуулснийг одоо дурсан санахад сайхан байдаг. Адаглаад хурал
цуглааныг “удирдаж” хөтлөх, олны өмнө үг хэлэх, цөөхөн ч гэсэн хамт олныг “даргалах”,
эвсэг хамт олон бүрдүүлэхийг оролдож хичээдэг болгосон. Одоо эргээд санахад хагас
дутуу орхисон, огт санаанд ороогүй хийчмээр үлдсэн ажил их байсан юм билээ. Эвлэлдээ
эргээд ажилламаар санагдавч эргэж ургашлах хорвоо, элж хорогдох насны жамаар ямар
ч дээдэст өргөдөл хүсэлт тавиад үл биелэх учир харин энэ талаар дурсамжтай үдсэн
он жилүүдээ дурсаж сууна гэдэг багадахааргүй бахархал хэмээн бодож байна. Эвлэл,
залуучуудын байгууллага сайхандаа сайхан. Тэр сайхан үйл хэрэгт харин залуучууд
идэвхтэй оролцож бас үе тэнгийнхэндээ таалагдсан ажил санаачлан өрнүүлэхийн төлөө
тэмүүлж явмаар гэж санадаг, тэгэж чадна гэдэгт итгэл дүүрэн байна
Булган сумын
өндөр настан Ж.МӨНХ-ОЧИР
Аймгийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж ярианаас....
Аймгийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж ярианаас....