МХЗЭ-ийн 1974 оны гишүүн, МАН-ын 52 жилийн гишүүн өдгөө 80 настай өвөө Лхамын Хайдав /65 жилийн тэртээх дурсамж /

Л.Хайдав намайг  1941 онд  бага сургуульд ороход  Хантай сумын Залуучуудын эвлэлийн  үүрийн даргаар  Сандагжавын Цүлтэм  хэмээх залуу байж  пионерийн гишүүнд элссэн хүүхдүүдэд  их Д.Нацагдоржийн зохиол “Пионерийн дуу”-г  заан сургаж байсан.
1947 оны  хавар би  багийн үсэг бичгийн бүлгэмийн багш- багийнхаа  Базарбизъяа, Дэжид хэдэн охидыг Сүргийн нугад цуглуулан хичээллүүлж байтал “Сумаас төлөөлөгч ирж Дашдаваагийнд цугларцагаа“ гэсэн зар тарж очвол миний доод ангид байсан Олойн Ойдов ирчихсэн өөрийгөө “сумын ХЗЭ-ийн үүрийн дарга“ хэмээгээд  хаврын компанит  ажлаар яваа гэдэгээ  танилцуулав.
Бид хоёр хар багын танил, 1941 оны  Хантай сумын наадам  баруун дэнж дээр болж  сүүлчийн хоёр бөх “халиун “ Ёндон, “бух” Ойдов хоёр ач тач үзэлцэж байлаа.
Сургуульд хараахан ороогүй байсан, Ойдов бид хоёр хамт сууснаа  тэсвэр алдан бөхийн талбайн  хөлд барилдаж эхлэв ээ.
Халиун Ойдов хоёр магнайн, Хайдав Ойдов хоёр хөлийн наадам болж  наадамчин  олон хөгжилдөн  хөөрцгөөж байсан тухайгаа дурсацгааж билээ. Ойдов дарга:
“Хайдав чамайг ХЗЭ-ийн гишүүнд  элсүүлнэ“ гэснээр  төдөлгүй суман дээр дуудаж эвлэлийн гишүүн  10-аад залуус хуралдан надаас  асууж шалгааж “Эвлэлийн дүрмийг ягштал биелүүлж, гишүүний нэр төрийг хадгалж явж чадах уу? гэж асуугаад “чадна аа” гэхийг сонсоод  1947 оны 4-р сарын 23-нд  би  МХЗЭ-н гишүүн болж билээ.
Өвөл нь 12-р сард Эвлэлийн гишүүдийн долоо хоногийн  семинарт дуудаж . Намын  үүрийн конторын нэг өрөөнд  арван хэдүүл, дунд сургуулийн багш нар  хичээл, дуу бүжиг заана. Орой  нь олон  нийт болно.
Энэ удаагийн эвлэлийн сургуулийн сонин: гадаа  хөөцөлдөн ноцолдсоор даарч бээрсэн бид  конторт орж чихцэлдэн гараа ээж  бүхийд би, Мягмар /  Лхагвалайн хань  байсан / охины гар дээр даран , мах шиг улайссан пийшингийн таган дээр  наалдуулж / уг нь  санаатай биш лдээ / түлж  орхив оо.
Сумын дарга орж ирээд “Эвлэлийн гишүүн хүн  ингэж болохгүй, шийтгэ” гэчихээд явчихав.
 Эвлэлийн үүрийн хурал болж  сахилга батгүй  гишүүн Хайдавыг  донгодож шийтгэв ээ.
 Тэгтэл маргааш өдөр нь  намайг сайхан бичигтэн гэж  Намын үүрийн дарга  дуудан  хуучин бичгээр бичсэн илтгэлээ  дуудан өгч  шинэ үсэгт буулгатал: Тайлангийн хурал  удирдахаар ирсэн Аймгийн шүүхийн дарга  А.Загд гуай “энэ хүүг  аймгийн шүүхийн бичээчээр  авч, хуульч болгоно оо” гэхэд  сумын дарга  Гарамжав гуай“ Үгүй шүү,  сумын бичиг үсгийн багш болгоно” гээд 1948 оны зун намайг  сарын 80 төгрөгний цалинтай  сумын бичиг үсгийн багш болгож  билээ.
Тэр сургуулийн үеэр  аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга Цоодол гуай ирж  бидэнд, надад 61482-р эвлэлийн  гишүүний  бат илэрхийлэх, энгэрийн тэмдэг гардуулж, би 1959 онд МАН-ын  орлогч гишүүн болтлоо  энгэртээ нандигнан зүүж билээ.
Л.Хайдав намайг  сумын Намын үүрийн дарга  Лхамаасүрэн гуай  4-р багийн хэсгийн ухуулагчаар  томилж багийн даргын баруун гарын туслагч  болвоо .
“Хар сүрэг“, “Ээзгий нуга”, ”Хөндлөн”, “Цагаа бургаст”-ын айлуудаар байнга  хэсч  ухуулга таниулга хийнэ. Дэвтэр таллан үдээд адуу, үхэр, хонь, ямаа, тариа, хадлан, өвөлжөө ноос сэлтийн зураг олж наагаад багийн төлөвлөгөөт зорилтыг бичиж улирлаар  гүйцэтгэлийг тооцон ухуулдаг байлаа. Багийн дарга “ Ухуулагчийн өврийн дэвтэр” хэмээх нимгэхэн ном өгөхөөр  нь  айл болгонд очин уншиж  өгнө. Бичиг үсэг заана.
Багийн уралдаан  дүгнэх төлөөлөгчид тохоогдон 3-р баг  Хутаг-Өндөр суманд айлчилж билээ. Багийн хэсгийн ухуулагчаар  жил хагасын хугацаанд  сайн ажилласан сум гэж  сумын Намын Үүрээс машинаар  цохьсон “Сайшаалын үнэмлэх”  гардуулахад учиргүй баярлаж байж билээ. Дараа нь  би Санхүү эдийн засгийн техниккумын 2,3-р ангийн, Багшийн Дээд сургуулийн  түүх газар зүйн ангид  2 жил Эвлэлийн  үүрийн даргаар сонгогдон ажилласан даа

.