Хантай сумын уугуул өндөр настан Ж.Лхагвалай гуай дурсаж байна. /дурсамж яриа/

 Би 15 нас хүрч  МХЗЭ-ийн гишүүн  боллоо. Үүрийнхээ олон гишүүдийн  итгэлийг хүлээж 1943-1946 онд хантай сумын эвлэлийн  үүрийн нарийн бичгийн  даргаар  сонгогдон ажилласан юм.
Тухайн үед  дэлхийн 2-р дайн  ид өрнөж  бүхнийг  фронтод  уриатай ажиллацгааж  байв.
Манай үүрт нэрт эрдэмтэн  Ш.Гаадамба, хурандаа Б.Даваадорж , зохиолч Л.Хайдав, сумын дарга Д.Дашзэвэг, багш  Э.Бадарч , Б.Жамсранжав. С.Сосоржав , Д.Загдхүү , Ж.Цэндсүрэн  зэрэг олны танил  , улс орны нэртэй  хүмүүс байсан юм шүү.
            Сумын залуучуудыг зохион байгуулан сум орны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх , байлдаж байгаа зөвлөлтийн  армид  туслах хөдөлгөөнд  залуучуудаа зохион байгуулан  ардын гар дээр байгаа  ноос түүхий эдийг  цуглуулах улаан армид  бэлэг хуримтлуулах  залуучуудыг тухайн үед  зохион байгуулагдсан  сайн дурын морьт отрядад нэгдэж цэргийн  эрдэм мэдлэг эзэмших , улаан армид агт морь худалдах, бэлэглэхэд ард  түмэн залуучуудын дунд  ухуулга таниулга хийх   байлдааны ажиллагааг ард түмэнд / тухайн үед  хөдөө нутагт тогтмол  хэвлэлээс өөр мэдээллийн хэрэгсэл  байгаагүй болохоор  чадал хирээрээ ашиглаж  ухуулга мэдээлэл  хүргэдэг байлаа. Ингээд  1945 онд 2-р дайны сүүлийн голомт болж байсан Японы түрэмгийлэлээс ард түмэнийг чөлөөлж  2-р дайн ялалтаар төгсөж  ард түмний маань магнай  тэнийж энхийн бүтээн байгуулалтанд  орсон  билээ.
Хантай  суманд  ХЗЭ-ийн  гишүүд залуучууд дайны хүнд үед юу бүтээж байсан  ажлын үр дүнг тэр үеийн залуучуудын сонинд / дугаарыг нь мартжээ/  1944 онд  “17 настай дарга “ гэсэн гарчигтайгаар  миний ажлыг үнэлж бичсэн  байсны дээр  1946 онд МХЗЭ-ийн төв хорооны “ Хүндэт жуух”-аар  шагнагдсан нь  одоо хүртэл залуу насаа  дурсаж явах  гавъяат үйлс  гэж бодож МХЗЭ-д баярлаж  энэ түүхт ойн жилд  эргэж дурсахад өвгөн надад бахтай байна.
Би тавиад оны эхэн үед МХЗЭ-ийн байгууллагад бага шиг хугацаагаар  ажилласан энэ үед  залуучууд маань ер  бараг Монгол хүн бүхэн  эрхэлсэн ажилтай олох  орлоготой  үнэ төлбөргүй  боловсрол мэргэжил эзэмших  бүрэн боломжоор хангагдсан  залуучууд  минь  ихийг бүтээж  улс орноо хөгжүүлэхийн төлөө   хүчин зүтгэж байсан  үе байлаа.  Энэ ч учраас  залуучууд маань өөрт оногдсон  төлөвлөгөө даалгавараа хугацааны өмнө  олон хувиар давуулан биелүүлж улс, аймаг, сумын аваргууд, 5 жилийн гавшгайчид  төрөн гарч байсан бөгөөд  манай сумаас олон залуус  улсын аварга саальчин , тариаланчид мөн  хамт олон төрсөн юм гэж МХЗЭ-ийн  ахмад  ажилтан булган аймгийн Хантай сумын уугуул  өндөр настан Ж.Лхагвалай  гуай дурсаж байна. 

Аймгийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж ярианаас....