БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУ МАЛЧДЫН АНХДУГААР CУРГАЛТ СЕМИНАР


Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн ажлын хүрээнд Cаймгийн Залуучуудын холбооноос Залуу малчдын аймгийн анхдугаар зөвлөлгөөн, сургалт семинарт 90 малчин залуучуудыг хамруулав. Манай аймгийн баг бүрээс шигшигдэн шалгарч сумандаа ажил хөдөлмөр, олон нийтийн болон хүмүүлэгийн ажилд манлайлан оролцдог орон нутагтаа нэр хүндтэй, мал  маллах  арга  хуааныг эзэмшсэн залуу малчид ороцсон билээ.

 Аймгийн “ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”- д нутаг орноо төлөөлөн оролцсон залуу малчид бид хэлэлцэн тохирч:
Дулаарал, хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан;
- Дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлага, зах зээлийн зарчимд нийцүүлэн;
- Өв уламжлагдан ирсэн бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга туршлагадаа тулгуурлан;
- Орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт, дэвшлийг бүтээлчээр ашиглах зорилгоор;
Эрдэнэт сүргээ өгөн үржүүлж, малчин удмаан дагаж амьдрал ахуйгаа дэвжээж байгаа нийт малчиддаа хандан энэхүү уриалгыг гаргаж байна.
1.Малчин бидний амин зуулга, аж амьдралын эх ундрага болсон  мал аж ахуйн оршин тогтнохын үндэс  “Бэлчээр нутаг”-аа хайрлан хамгаалж, тордож сэргээн зүй зохистой, үр өгөөжтэй ашиглацгаая.
2. Хүн, малын амьдралын үндэс болсон гол, горхи, нуур цөөрмийн эх булаг, худаг усаа хайрлан хамгаалж, тордож сэргээн зүй зохистой ашиглахын төлөө гол ус, нутаг нугаараа нэгдэн тэмцэцгээе.
3. Нутаг орныхоо онцлогт тохирсон ашиг шим арвинтай малыг сонгон үржүүлж, малын тоо бус чанар ашиг шимийг нэмэгдүүлэн бүтээгдэхүүний гарц чанарыг сайжруулахын төлөө ажиллацгаая.
4. Ард түмэн, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө, аж амьдралынхаа эх булаг болсон мал сүргээ мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулж, хот, бэлчээрийн ариун цэврийг сахиж аливаа өвчний голомтыг таслан зогсоож, мал сүргээ  өвчин эмгэгээс эрүүлжүүлцгээе.
5. Уур амьсгалын өөрчлөлт зах зээлийн нөхцөлд нийцүүлэн мал маллагааны технологийг боловсронгуй болгохын зэрэгцээ төв суурин газрын ойролцоо эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн төлөө ажиллацгаая
6. Малчин бүр өвөл хаврын улиралд мал сүрэгтэй хүрэлцэхүйц хэмжээний нэмэгдэл тэжээлийн нөөцийг бүрдүүлж, хашаа хороогоо дулаалан, хужир шүүгээ базааж, учирч болзошгүй бэрхшээлийг даван туулах чадавхитай болцгоое
7. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн болзошгүй хохирлоос сэргийлэх зорилгоор мал сүргээ сайн дурын үндсэн дээр даатгуулж заншицгаая.
8. Мал сүргийнхээ удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал маллагааны дэвшилт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр эрдэмтэд, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллацгаая
9. Ахмад баялаг туршлагатай малчдаасаа үлгэр дууриал авахын зэрэгцээ, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ харамгүй хуваалцаж мэдлэгтэй боловсролтой шинэ зууны шилдэг малчид болохын төлөө хүн бүр хүчин чармайлт гаргацгаая.
10. Сайн дурын үндсэн дээр айл саахалт, гол усаараа нэгдэж хоршоо, нөхөрлөл, бүлгийн зохион байгуулалтанд орж, хүчээ нэгтгэж, хөдөлмөрөө хоршин амьдрал ахуйгаа сайжруулахын төлөө санаачлагыг өрнүүлцгээе.

Малчин ард түмэн маань дүүрэн билигтэй,
Түвшин жаргалтай байх болтугай.

ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-д оролцогсод

Арван долдугаар жарны туулай жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 9-ний гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

Булган хот