МОНГОЛ УЛСАД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН ҮҮССЭНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.БАТ-АМГАЛАНГИЙН ТАВЬСАН ИЛТГЭЛ

Эрхэм зочид оо,
Аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга болон хүндэт төлөөлөгчид өө 
Аймгийн Залуучуудын байгууллагын үе үеийн удирдагчид болон хурлын нийт гишүүдээ

Монголын залуучуудын хөдөлгөөний 90 жилийн түүхт ойн баярын өдөр эх орныхоо хоймор болсон хангай сайхан нутагтаа хуран чуулж, энэхүү танхимд хүрэлцэн ирсэн залуучуудын байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтэн, шилдэг ажилтнууд, өнөөгийн залуусын төлөөлөгчиддөө баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Тэртээ 1921 он бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон гамин, бароны цэргийн хөлд нэрвэгдэж, улсыг мөхөөж, үндэстнийг сөнөөх аюул тулгарсан  хэцүү цаг үе байсан. Ийм эгзэгтэй үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх сэтгэл зорилго шулуудаж Монгол ардын намыг байгуулж ард олны хүчийг нэгтгэж, хувьсгалт тэмцлийг манлайлан удирдсан билээ.
Энэхүү хүнд бэрх цаг үед буюу 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Ц.Гүрсэд, Н.Жадамба, М.Бат-Очир, Содном, Х.Чойбалсан, Бүрнээбаатар, С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Гомбожав, Ж.Сүхбаатар нарын үүсгэсэн “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” байгуулагдаж байсан бол тус оны 12 сарын 12-ны өдөр Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуунд /Одоогийн Булган суманд/ Булган аймгийн анхны залуучуудын үүрийг  20 гаруй залуучууд хуралдан байгуулж даргаараа С.Шашинтөрийг сонгож байжээ. Тэрхүү үүрийг “Үнэнийг дэлгэрүүлэгч хувьсгалт эвлэлийн үүр” гэж нэрлэж байлаа.

 Шинэ байгуулагдсан Залуучуудын  байгууллага санаа сэтгэл , хүсэл  зорилго нэг  бүхий залуучуудаар  эгнээгээ тэлж  1925 он гэхэд  хэд хэдэн үүр нэмэгдэж  байгуулагдаж товчлох  хороо болсон байна. Хорооныхоо даргаар  анхны үүрийн гишүүн  С.Авирмэдийг сонгож , нарийн бичгийн даргаар  Ч.Сандаг , бичээчээр  Д.Дамба  нар ажиллах болсон байна. /Д.Дамба гэдэг нь  Тэшиг сумын уугаал  бөгөөд  МАХН-н Төв хорооны  1-р нарийн бичгийн даргаар  ажиллаж байсан Д.Дамба дарга юм/
Аймгийн ХЗЭ- н хороо нь  байгуулагдсан цагаасаа  эхлэн залуучуудаар  эгнээгээ өргөжүүлэхийн  хэрээр ард түмний дунд олон үр бүтээлтэй  ажлыг санаачлан зохион байгуулж  нэр хүндээ өсгөн хүрээгээ  тэлсээр байжээ. Эмнэг адуу малыг эдэлгээнд сургах , ноос ноолуур авах ,  сурч боловсрох , эрүүл мэндийг дэмжих , улс орноо батлах хамгаалах ,  хадлан тариа мал аж ахуйг хөгжүүлж шинэ дэвшилд  хүрэх эрмэлзлэл дүүрэн  Залуучуудын  хийх ажил  ундарж байлаа.
1938 онд Булган аймаг  байгуулагдаж Засаг захиргааны  энэ том нэгжийг дагалдан  бүх салбарт өөрчлөлт  орох явцад  Аймгийн МАХН-н хорооны  тэргүүлэгчдийн  1938 оны 1-р сарын 16-ны  өдрийн хурлаар  ХЗЭ-н  хороог байгуулж  нарийн бичгийн даргаар  Аймгийн намын хороог  байгуулалцаж явсан  Ц.Эрдэнэбилэгийг ажиллуулжээ.
Шинээр байгуулагдсан ХЗЭ-н  хороо нь  залуу үеийг шинэ  үзэл санаагаар  хүмүүжүүлэн  , ХЗЭ-н  гишүүдийн  хөдөлмөр болоод  нийгмийн идэвхийг  нэмэгдүүлэх , чиглэсэн ажлуудыг  идэвхитэй өрнүүлж  байв. Дөнгөж байгуулагдсан жилдээ аймгийн төвд залуучуудын цэнгэлдэх байгуулах  санаачилга гаргаж  уг ажлыг  сар хагасын дотор  барьж байгуулжээ.  Энэ нь  голын цэнгэлдэх гэсэн нэрээр  олон түмэн түгжээ.
.
Аймаг маань байгуулагдаад  хэдхэн жил болж байхад дэлхийн дайн эхэлжээ. Манай улс  дайныг өдүүлээгүй ч  дайны хор сүүдэр  бас манай аймгийн  залуучуудыг тойроогүй байна.  Ардын армид  биеэр алба хаах  төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлэхээс эхлээд  сум , баг , ар гэрийнхээ амьдралыг зохицуулах хүртэл  чамгүй зүтгэх цаг үе  тэлгэрчээ.
Дайны жилүүдэд залуу хүн бүр 5 жилийн цэргийн алба  хааж байлаа. Тэр олон залуучууд  дотроос  байгуулсан гавъяагаараа тодорсон  монгол улсын  баатар Л.Дандар, Ч.Шагдарсүрэн, Ж.Нэхийт , С.Лхагвадорж нар  МХЗЭ-ээр хүмүүжсэн залуус байв.
1941 оны 7-р сарын 22-нд  буюу дайн эхэлсний маргааш  өдөр аймгийн ХЗЭ-ийн  анхдугаар бага хурал  хуралдаж  улс ардын аж  ахуй , соёлыг хөгжүүлэхэд  залуучуудын гүйцэтгэж байгаа  хувь нэмрийг өндрөөр үнэлээд Зөвлөлтийн баатарлаг ард  түмний фашизмын эсрэг хийсэн дайны жилүүдэд  ажлаа зохицуулан  явуулах шийдвэр  гарган амжилттай  хэрэгжүүлж эхэлсэн байна.
Анхдугаар баг хурлынхаа шийдвэрт зоригжсон манай залуучууд 1942 гэхэд л ердийн хашаа саравч 179, төлийн пүнз 121, энгийн нүүдлийн хашаа 821-ыг барьж мал өсгөх , ашиг шимийг дээд зэргээр  ашиглах , нөгөө  талаар  армид  туслах  ажлыг эрчимтэй  өрнүүлжээ

Малчин залуучууд  маань нэгдэлд элсэж, боловсрол мэдлэгтэй боловсон  хүчин  улам олширсоор  байсан байна. 1950-иад  оны үед  өвс хадаж , морин станц , САА, нэгдэлд  200 шахам  залуучуудыг  илгээлтээр илгээжээ.
Аймгийн  төв артель , клуб, улаан булан , кино театр зэрэг олон байгууллагуудад ажиллагсдын 60-84 хувийг  залуучууд эзэлж байжээ. Монголын малчин ард түмний  хөдөлмөр болох хадлан тэжээл бэлтгэх ажлын 60-75 хувь ,хашаа барих , худаг гаргах, эмнэг хангалыг эдэлгээнд  сургах ажлын  60-90 хувийг манай  залуучууд л нугалж байсныг  тэр үеийн ахмадууд  хуучилж байна.
ХЗЭ-ийн байгууллагууд  1960-аад  оны үеэс  бог малын суурь , хадлан тарианы бригадыг шефлэн  авч  ажиллах хөдөлгөөнийг өрнүүлж  түүндээ  хүн хүч нэмж  1971 онд гэхэд л  намын уриа , эвлэлийн илгээлтээр  256 охид хөвгүүдийг  үйлдвэрлэлд ажиллуужээ.
Атарчдын дундаас  улс оронд  нэрээ цуурайтуулсан  баатар , аваргууд  ч олон төрсөн байна. Энэ дундаас механикжуулагч  Б.Галт очир, Д.Баасандамба , Санжаа, Б.Цэрэн, Б.Ноосонхөх, Д.Тунсаг , Г.Дэмбэрэл, Лхагваа  Б.Сандагдорж , Ө.Заяат  нарын хөдөлмөрийн  баатрууд   төрөн гарч  ажил үйлсээрээ  залуу нөхрөө хошуучлан  ажиллажээ.
Залуусын дунд  гавшгайч бригад , социалист хөдөлмөрийн төлөө  бригадын хөдөлгөөн  өрнөж  Баян агтын Л.Дарьсүрэн,  Хангалын  Д.нармандах, ГТК-н Д.Бямбажав,  ЭХГ-н Б.Оюунцэцэг, Баяннуурын  Х.Баянжаргал ахлагчтай бригадууд улс аймагтаа шалгарч  туршлага нь олны хүртээл  болж байсан байна.
1985  онд  гэхэд л 38 гавшгайч  бригадад  480 гаруй  залуу  хамрагдан  ажиллаж , амьдарч  , сурч , соёлжихын дууриал үзүүлж байв. Мал аж ахуй газар тариалангаас гадна  соёл , боловсрол , эрүүлийг хамгаалах  зэрэг салбаруудад  хошуучлан  ажиллаж, алдрын  титэмд хүрч байсан  багш Рэнцэндорж  бөх Түвдэндорж дуучин Б.Баасанжав , эмч Ж.Хишигсүрэн , Д.Лхагвасүрэн тамирчин  Д.Баатар  нарын гавъяатууд ч энгэртээ  эвлэлийн тэмдэгээр ялгарч л явжээ.
Баяннуурын  САА-н Х.Баянжаргал аглагчтай  хадланч охидын салаа  БНМАУ-н  хошой аварга болж  байсан нь давтагдаагүй амжилт юм.
Аймгийн соёлын ордны Д.Алтангэрэл, Л.Буяннэсэх ,А.Батцэнгэл , Д.Чулуунбаатар ,Д.Пүрэвжав  нарын МХЗЭ-ийн  гишүүн залуучуудаас  бүрдсэн   “ Сансар “ хамтлаг  нь аймгийн төдийгүй  улс даяар танил  болсон цуутай  хамтлаг билээ.
Монголын анхны сансарын нисэгч  ж.Гүррагчаа нь  МХЗЭ-ийн гишүүн байсан бөгөөд  тэрбээр  1981 оны 5-дугаар сарын 17-нд  МХЗЭ-ийн   Хүндэт дэвтэрт  бичигдэж , хүндэт тэмдэгээр шагнагдсан  нь манай аймгийн залуучуудын  хамгийн том бахархалын нэг билээ.

Булган аймгийн ХЗЭ-ийн 70 жилийн түүхэн замнал нь хойч үеийн залууст дурсах алдар, дууриах жишээ болохын зэрэгцээ тулгарч буй шинэ шинэ зорилтыг шийдвэрлэхэд өмнөх түүхээс сургамж, туршлага авч ухаажин урагшлахад  чухал ач холбогдолтой гэж үзэн Аймгийн залуучуудын холбоогоос аймгийн ХЗЭ болон Залуучуудын холбооны түүхийг өгүүлсэн “Залуу нас, мөнхийн дуудлага” номыг хэвлэн гаргаж, Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн түүхт ойгоор та бүхний гар дээр хүргэж байгааг дуулгахдаа туйлаас баяртай байна.

Булган аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь олон олон залуучуудыг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө дайны талбарт ч энх цагийн хөдөлмөрийн фронт, соёлын довтолгоонд  ч гэсэн залуучуудгүйгээр ажил өрнөж байгаагүй юм.
            Энэ түүхэн баярын өдөр МХЗЭ-ийн гишүүд та нараараа залуучууд бид бахархаж байгаагаа илэрхийлж, гүн хүндэтгэл илэрхийлж байна.

Эрхэм зочид оо,

Монгол орны улс төр, эдийн засаг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрчлөлт шинэчлэлт эрч хүчээ авч үндэсний сэргэн мандалтын түүхэн шинэ үе эхэлж байсан 1990-ээд оны үед хүн амын дийлэнх хувийг эзэлдэг залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, улс орноо хөгжүүлэн мандуулах, үндэсний эв нэгдлийг дээдлэн хүндэтгэх үзлийг эрхэмлэсэн залуучуудын хөдөлгөөний шинэ хэлбэр, шинэ түүхийн эхлэл нийгмийн амьдралаас урган гарсан билээ
Монголын залуучуудын хөдөлгөөний түүхэнд гол үүрэг гүйцэтгэж байсан МХЗЭ-ийн XX их хурал 1991 оны 1-р сард хуралдаж МХЗЭ-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний бааз суурин дээр олон нийтийн шинж чанартай залуучуудын шинэ байгууллагыг байгуулах нь зүйтэй бөгөөд уг байгууллагыг МХЗЭ-ийн албан ёсны залгамжлагч гэж үзэж өөрийн өмч болон хэвлэлийг шилжүүлэх тухай тогтоол гаргасан юм. Энэхүү байгууллага өдгөө 20 жилийн ойгоо тэмдэглэн буй Монголын залуучуудын холбоо билээ.

МХЗЭ-ийн XX их хурлын 471 төлөөлөгчөөс бүрдсэн залуучуудын шинэ байгууллагыг зохион байгуулахад манай аймгаас Г.Ганхуяг,/Хутаг/, Цогт-Очир, Н.Батбаатар, М.Батжаргал, /Булган сум/, Д.Батсайхан /Орхон/, Мягмардорж /Могод/, Төмөрдорж /Рашаант/, Эрдэнэбилэг /Баян-Агт/, Б.Батсайхан /Баяннуур/, Эрдэнэбаяр /Бүрэгхангай/, Нямдорж / Бугат/, Эрдэнэтөгс /Өлзийт хороо/, Жигмэд /Хишиг-Өндөр/, Баяраа /Хангал/, Энхжаргал /Гурванбулаг/, Энхтөр /Тэшиг/, Наранцэцэг /Дашинчилэн/, Баярсайхан /Сайхан/, Норовсамбуу /Сэлэнгэ/ нар очиж байв. Эдгээр залуучууд 1991 онд Булган аймагтаа залуучуудын холбооны суурийг тавиж бидэнд залгамжлах авчирсан билээ.
Өдгөө Булган аймгийн залуучуудын холбоо нь удирдлага болоод орон нутгийн анхан шатны байгууллагын хувьд бэхжиж орон нутгийнхаа залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан, залуучуудаа хөгжилд уриалан дуудаж, амьдралын зөв хэмнэлд хөтлөх чиглүүлэгч болон ажиллаж байна.
Аймгийн залуучуудын холбооноос “Залуучуудын боловсролыг дэмжих- оролцоог нэмэгдүүлэх”, “Амин ус”, “Хөдөөгийн залуус” зэрэг олон төслүүдийг шат дараалан амжилттай хэрэгжүүлж иргэдийн талархалыг хүлээгээд байна.

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн тамир, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна. Урд болон хойд бүсийн аварга шалгаруулах волеиболын тэмцээн, Буудлагын спортын мастер Б.Ууганбаярын нэрэмжит Хийн буудлагын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Өвлийн загасчлал зэрэг тэмцээнүүдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 

Малчин залуучуудын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сайшааж урамшуулах зорилгоор санаачилсан “Хөдөөгийн залуус” төсөл, Шилдэг залуу малчин шалгаруулах үйл ажиллагаа зэрэг олон ажлууд бодит хөрсөнд буусан цаг үеэ олсон ажлууд юм.

Залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Оюунлаг залуус” цуврал лекцийг зохион байгуулж байна. Тус цуврал лекцэнд МУТШ зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, ой тогтоолын мастер Хатанбаатар, Философийн ухааны доктор З.Бат-Отгон нар уригдан оролцоод байна.

Залуучууд бид нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэйгээ ухамсарлаж Хариу нэхээгүй тус, Өндөр ээж, Хүн байхын учир, Их ариусал гэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсан нь өсвөр үе хүүхэд залуучуудад үлгэрлэж, ахмад үеэсээ урмын үг сонссон сайхан арга хэмжээ боллоо.

 Залуу бизнесменүүдийн үйл ажиллагаа дэмжин ажиллах, бизнес эрхлэх хүсэл сонирхолтой залуучуудад зориулсан “Бизнес энгийнээс” теле цуврал нэвтрүүлгийг бэлтгэн явуулсан нь бизнес эрхлэгчид болоод мэргэжлийн байгууллагын сайшаалыг хүртсэн томоохон арга хэмжээ байлаа.

Нутаг орны хөгжлийн үе шат бүрт залуучуудын байгууллага маань бодлого чиглэлээ шинэчлэн тодорхойлж шинэ зууны Монгол орны хөгжил цэцэглэлтэнд залуусаа уриалж байна.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дээр залуус бид өмнөх үеийн ариун нандин бүхнийг суралцаж, өдгөө залуусаа манлайлан, ирээдүй хойчдоо үлгэр дууриал болохуйц итгэл төгс, урам зоригтой ажиллаж, амьдрахыг эрмэлзэх болно.
           
                                                Залуус бидний манлайлал, эх орны ирээдүйн хөгжил

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ –ЗАЯА ХИЧЭЭНЭ